Түүхэн замнал

                                  Буянт-Ухаа” ОУНБ-ын товч танилцуулга

1930-аад оны дунд үеэс зөвлөлтийн “Добролет” байгууллага УлаанҮүд-Улаанбаатарын хооронд агаарын тээврийн нислэг хийж байх зориулалтаар манай улсаас газрын зөвшөөрөл авч Морингийн хөндийд өөрийн хөрөнгөөр шороон зурвастай аэродром, нисэх буудал (1936 он), орон сууцны дан байшингууд 3ш, гуанз, худаг, дэлгүүр, халуун ус, клуб зэрэг барилгуудтай нисэх буудал байгуулж “Добро” гэж нэрлэх болжээ.       

             ”Добро” нисэх буудал нь дарга, орлогч, нислэгийн удирдагч гэх зэрэг бүх л төрлийн ажилтан, ажилчидтай байжээ. Энэ нисэх буудал дээр мөн Маршалын онгоц, Б.Дагва даргатай И-15 сөнөөгч онгоцны хороо байрладаг байжээ. Мөн гадаадаас нисэх онгоцоор ирэх зочин төлөөлөгчдийг “Добро”-т хүлээж авдаг байв. Тухайлбал 1944 оны 7 дугаар сард БНХАУ-аас манай оронд хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч О.Үэлс энэ буудалд бууж, Маршал Чойбалсан угтан авсан байдаг. Тэр үед Ил-2, Ил-12, Ил-14, Дуглас гэх мэтийн дунд оврын онгоцууд нисч ирдэг байсан байна.   1957 оны 2-р сарын 19-ний өдөр Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны сайдын 107 тоот тушаалаар Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны төв буудал анх байгуулагджээ.

1958 онд Ил-14 онгоцоор Улаанбаатараас Эрхүү, Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг болсноор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болсон.

1994-1997 онд Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр өргөтгөл хийгдсэнээр тус Олон улсын нисэх буудал нь ИКАО-ийн кодын тодорхойлолтын дагуу хүнд даацын агаарын хөлгүүдэд үйлчлэх хүчин чадалтай 4D категорийн аэродром, нисэх буудлын болон газрын үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн нисэх буудал болон өргөжсөн юм.

1998 оны 01-р сарын 30-ний өдрийн Иргэний Агаарын Тээврийн Удирдах Газрын даргын 40 тоот тушаалаар Олон улсын нисэх буудал болон зохион байгуулагдсан.

 2005 оны 12-р сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Чингис хаан” Олон Улсын Буудал болгон өөрчилсөн байна.

            Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал гэж нэрлэхээр болсон тул Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг мөн тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал гэж  2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэрлэсэн байна.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд шилжүүлжээ.

Домог: Эрт үед одоогийн Яармагийн баруун ухаагаар (дэнжээр) ухаа хонгор зүсмийн олон адуу бэлчээрлэж явснаас нэг ухаа хонгор зүстэй охин унага унтаад хоцорсоныг нэгэн ядуу эр олж тэжээснээс хойш тэр айл ухаа хонгор зүсний олон адуутай болж баяжсан юмсанжээ. Тэр үеэс энэ ухааг (дэнжийг) “Буянт-Ухаа” гэж нэрлэх болжээ. Ардын хувьсгалын анхны баяр наадмыг Буянт-Ухаад хийх болохуйд “Эртний сайхан” хэмээх дууг дуулдаг хүн олж дуулуулан наадмыг нээжээ. Тэр үеэс л хурдан хүлгийн шандсаараа баяр наадмын уухай түрж, ард түмнээ баярлуулсан буянтай нутаг нь агаарын хурдан хүлгийн гараа барианы дэвжээ болсон аж.

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын товч танилцуулга

1949онд анх Дотоод Явдлын яамны сайдын тушаалаар Буянт-Ухаа дахь агаарын хилийн боомтод гаалийн хяналтыг явуулах тушаал батлагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. БУГГ нь 1950 онд “Нисэх онгоцны төв буудал дахь Гаалийн салбар” нэртэйгээр, ГУБ-1 хүний орон тоотойгоор анх байгуулагдаж байсан байна.

1960-1970 онд 2-3 хүн, 1970-1977 онд 3-7 хүн, 1977-1979 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй болж боловсон хүчнээр бэхэжсээр 1993-1995 онуудад 16 хүний орон тоотой болж, Буянт-Ухаа дахь Гаалийн газар нь одоо нийт 133 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус БУГГ нь 1950-1980 онуудад Гаалийн салбар, 1980-1990 онуудад Гаалийн хороо, 1990-1996 онуудад Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харъяа Буянт-Ухаа дахь Гаалийн байгууллага, 1996 оны 09-р сараас МУГЕГ-ын харъяа Гаалийн газар нэртэйгээр улсын агаарын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, зорчигч болон ачаанд гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийж байна.